Эдийн засгийн сэргэлтийг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-26 16:38:32

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улсын эдийн засаг өнгөрсөн өвлийн зуднаас улбаалан хүнд байдалд ороод байсан хөдөө аж ахуйгаас бусад салбарт сэргээд байгаа. Иймд сэргээд буй эдийн засгаа дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг 2025 онд хэрэгжүүлнэ. 


Тодруулбал, мөнгөний болон макро бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулах, мөн төгрөгийн валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтлахаас гадна банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэв.


Түүнчлэн, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн үнэлгээнд бэлтгэж, үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх, үндэсний, салбарын эрсдэлийн үнэлгээг эхлүүлэхээр төлөвлөжээ. Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлэн, дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх зорилготойг ч танилцууллаа.


Төв банк инфляцыг энэ оны төгсгөлд 6 хувь байна гэж төсөөлж байсан ч ирэх 11 дүгээр сард цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх болсноор 7-8 хувь болох төсөөлөл байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр дурдсан юм. 

相关新闻