Энхийг сахиулагчдын оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү үйл ажиллагааг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ, “Өнөөгийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд нийт 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ үзүүлэлтээрээ Энхийг сахиулах үйлсэд цэрэг хандивлагч дэлхийн 120 улсаас наймдугаарт, эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь бидний бахархал юм.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 22 мянга гаруй алба хаагчийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр ачаар “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэсэн нэрийн хуудсыг бий болгож чадлаа. Цаашид батлан хамгаалах салбарт “Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт” бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд энхийг сахиулагчдын оролцоог гурав дахин нэмэгдүүлэхийг зорьж байна” хэмээв.
Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн үүргээ биелүүлэхээр алс холын Африк тивийн зүг хүлгийн жолоо залахад ийнхүү бэлэн боллоо.