Мөргөлчид эргэж ирэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМусульман шашинтнуудын шүтээн болсон Арабын Мекка, Медине хотуудад мөргөл үйлдсэн хаж нар нутагтаа буцаж ирлээ.
Хажичлал нь мусульмаанчуудын гол үүрэг. Гэхдээ гэр бүлээ асран тэтгэхээс илүү гардаг мал хөрөнгөтэй нь л ийм үүрэгтэй, тийм хөрөнгөгүй нь энэ үүрэгнээс чөлөөлөгддөг зарчимтай юм байна. Хажичлагчид зочлон очихдоо Меккад байгаа Ертөнцийн цорын ганц эзэн Аллаахын ариун өргөө Кагбаа болон Мадина хот дахь гэгээн элч Мухаммедийн бунханд мөргөх, хонь гарган ядууст өргөл барьц өргөх зэрэг олон төрлийн ёс горим үйлдэх журамтай байдаг. Энэ үүргээ гүйцэтгэсэн хүмүүсийг “хаж» гэсэн эрхэм алдраар дууддаг. Энэ нь өмнөх нүгэлээсээ ариуссан гэсэн утгатай. Харин хаж болсоныхоо дараа энэ хорвоогийн элдэв нүгэлтэй хутгалдахыг хатуу цээрлэнэ.
-Манай эх орноос хажичлалын ёслол мөргөлд бид 18-уулаа оролцоод ирлээ. Гурав нь эмэгтэй, бусад нь янз бүрийн насны эрэгтэй мөргөлчид. Хамгийн ахмад нь би наян гурван настай. Ирэх очих зардал гурван сая таван зуун мянган төгрөг. Сарын хугацаанд ядарч, жаргаж ч явлаа. Хамгийн гол нь шашныхаа нэгэн гол зарчмыг биелүүлэн буянтан болсондоо сэтгэл уужирлаа гэж Цагааннуур тосгоны ахмад иргэн А.Саниязбек хаж сэтгэгдлээ ярилаа.
Ш.Айзаря