О.Есүгэн Дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын буудлагын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, Бундеслигт цэц сорих гэж байна.
Тухайлбал, Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөнө. Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдөр 12:15 цагт буудах юм.
Тэгвэл ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорихоор болжээ. Түүний хувьд Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна.
Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, олон улсын хэмжээний мастер З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.