МУГТ Э.Цэндбаатар тулаанд бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа энэ сарын 9-нд Флорида мужийн Плант хотод хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй гэдэг шалтгаанаар долоо хоног хойшилсон юм.
Тэгвэл Э.Цэндбаатар болон түүний өрсөлдөгч нар жиндээ амжилттай бол тулалдахад бэлэн болжээ. Тулаан Улаанбаатарын цагаар маргааш өглөө 07:30 цагт болно. Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан.
Харин энэ удаа хүч үзэх Пуэрто Рикогийн өөр нэгэн боксчин Фрэнси Фортунато 2018 оноос мэргэжлийн боксын карьераа эхлүүлсэн бөгөөд 16 ялж, нэг ялагдсан амжилттай яваа. Тэр 2021 оны гуравдугаар сард Аргентиний Алберто Мелианы эсрэг хийсэн тулаанд шүүгчийн шийдвэрээр ялагдсан. Тэрбээр сүүлийн хоёр жилд ердөө хоёрхон тулаан хийжээ. Ингэхдээ 2022 онд 16-0 амжилттай явсан Бернард Торресийг, өнгөрсөн жил 13-2 амжилттай Кейни Монтенегрог ялсан байна.