“Галлахдаа анхааръя” нөлөөллийн аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Аяны хүрээнд нийслэлд эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалт зохион байгуулахаас гадна илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллах аж.
Улаанбаатар хотод он гарснаас хойш гал түймрийн 1451, эрэн хайх, аврах ажиллагааны 456 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн нийт дуудлагын 40.3 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд гарсан дуудлага эзэлж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцоллоо.
Иймд иргэд, олон нийт мэргэжлийн
байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас
эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа
хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулав.