Аймгийн 80 жилийн ойд 70 хүүхдийн уран нугаралтын үзүүлбэр оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын Соёлын төвд уран нугаралтын дугуйлан хичээллэж эхлээд хагас сар боллоо. Аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэхүү уран нугаралтыг хөгжүүлэх зүйл багтжээ.
Улаанбаатар хотоос циркчин Л.Төмөрбаатар ирж, энэ оныг дуустал сунгалтын хичээл зааж байгаа. Тэрээр "Хүүхэд бүрт эцэг эх нь болоод өөрсдөө ч мэдэхгүй нууц авьяас маш их байдаг. Манай Булган нутгийн багачууд дэндүү сайхан авьяастай юм байна гэдгийг энэ хэд хоногт мэдэрч байна. Анхдагчуудын өлгий энэ нутгаас ирээдүй сайн уран нугараач төрнө гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил тохиох аймгийн 80 жилийн ойн баярын үйл ажиллагаан дээр 60-70 хүүхдийн уран нугаралтын үзүүлбэр тоглох төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэж ярилаа. Одоогоор 5-8 насны 60 орчим хүүхэд уран нугаралтын дугуйланд хамрагдаж байна. Л.Төмөрбаатар багш Булган нутгийн унаган иргэн ажээ.
П.Батням