Сумын заан Б.Цагаанбанди Бөхийн өргөөнд болсон барилдаанд анх удаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-21 14:31:04

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн барилдаанд 480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин зодоглов.


Тэднээс Увс аймгийн Түргэн сумын харьяат, Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх Б.Цагаанбанди ес даван түрүүллээ. Сумын наадмын хоёр түрүүтэй тэрбээр Бөхийн өргөөнд болсон барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэгвэл сумын наадамд гурван удаа түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат А.Амархүү заан хоёр дахиа үзүүрлэлээ.


Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ш.Эрдэнэбаяр, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Г.Пүрэвбаатар нар шалгарчээ. Ш.Эрдэнэбаяр сумын наадамд найман удаа түрүүлсэн бөгөөд түүнийг бөх сонирхогчид “Тэмээ өргөдөг заан” гэдгээр нь андахгүй мэднэ.


Уг барилдааны үеэр олгодог “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал-ыг Төв аймгийн Заамар сумын харьяат Б.Ган-Эрдэнэд, Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал-ыг Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Б.Орших нарт олгов. Мөн Уран барилдааны тусгай шагнал-ыг Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэд өгчээ. 

相关新闻