Нөгөөдөр-Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр намрын адаг сарын хуучны 22 буюу энэ сарын 23-нд тохионо.
Гандантэгчинлэн
хийдийн тэргүүн их хамба лам дүйчэн өдрөөр сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ.
Энэ нь нар мандахаас маргаашийн үүр цайх хүртэл сөрөг сэтгэл хөдлөлд
автахгүйгээр өөрийнхөө сэтгэлийг нэг өдөр тогтвортой байлгадаг онцгой зан үйл
юм. Мөн өдөр тусгай хурал хурахаас гадна хамба лам нийслэлийн 77 дугаар
сургуулийн сурагчдад “Эцэг эхийн ачийг хариулах тухай” хичээл заахаар
төлөвлөжээ.
Бурхны шашинд бодь сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бясалгахдаа эхтэйгээ холбодог. Энэ ёс Азийн ард түмний эцэг эхээ хүндлэх, ялангуяа монголчуудын ээжийгээ хайрлах ёсны суурь нь гэдгийг Хансүр, гавж Н.Нанзаддорж нар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэж байв.
Эцэг эх нь үр хүүхдээ зөв өсгөөд үрс нь нийгэм, олонд тустай, хорлолгүй сайхан хүн болбол суварга шүтээн, бурхны дүр бүтээснээс илүү бөгөөд эцэг, эхийн ачийг хариулж байна гэсэн үг ажээ.