“Говь гурван сайхан” симфони бүтээлийг дүрсжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-10-21 15:40:25

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармонийн үзвэрийн 52 дахь жилийн нээлт болон Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 97, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүссэний 67, “Говь гурван сайхан” чуулбарын 57 жилийн ойд зориулсан видео клипний нээлтэд зориулсан хэвлэлийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Тус Филармони шинэ улирлын нээлтийн “New season-2025” тоглолтоо энэ сарын 24-нд толилуулах юм. Тоглолтод Улсын Филармонийн симфони оркестр, гоцлол хөгжимчин Х.Санчир, удирдаач Д.Нямдаш нар оролцоно.


Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 97, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүссэний 67, “Говь гурван сайхан” чуулбарын 57 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулан 1971 онд зохиогдсон “Говь гурван сайхан” симфони бүтээлийг аудио болгох, дүрсжүүлж олон нийтэд хүргэх ажлыг 2019 оноос эхэлжээ.

 

Энэ тухай Филармонийн уран бүтээлийн албаны дарга, найруулагч З.Хосбаяр ярихдаа, “Говь гурван сайхан” симфони бүтээл тухайн үед аудио бичлэг хийгдээгүй. Энэ жил 7 дугаар сард 150-иад хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймагт ажиллаж зураг авалтаа хийсэн.

Энэ бүтээлийг яагаад дүрсжүүлэв гэхээр хөгжмийг хүн чихээрээ сонсоод, дотроо төсөөлөн бодож өнгөрөх зүйлийг нүдээрээ харж нүд, чих баясна гэдэг мэдрэхүйн гайхамшигт зүйлийг нэгэн зэрэг харж таашаах боломжийг олгож буй юм. Ингэснээрээ монгол хөгжмийн, тэр дундаа мэргэжлийн симфони хэлбэрийн хөгжмийн том бүтээлийг олон нийтэд хүргэх нь илүү үр дүнтэй хэмээн дүрсжүүлсэн юм” хэмээн тодотгов.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр зураач Б.Гэрэлцэцэгийн “Говь гурван сайхан” зураг болон Ялгуун брэндтэй хамтран шинээр хийж буй мерчендайз бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан нь онцлох үйл явдал боллоо.

 

Бүтээгдэхүүнүүдийн дээжис болон “Говь гурван сайхан” зургийн хуулбарыг Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын хүү гавьяат хуульч Лувсанжав, хүү УГЗ Энхбаяр нарт дурсгал болгон гардуулсан юм.







相关新闻