Пестицидийн чанар, найрлагыг тодорхойлдог лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-22 14:50:39

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан “Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монгол Улсын зөвлөх инженер Ж.Туяацэцэг “1950-иад оны үеэс пестицидийг хэрхэн хэрэглэх вэ гэсэн асуудлыг гаргаж тавих болсон. Энэхүү бодисоос айж болгоомжлох хэрэггүй юм. Пестицидийг хэрэглэхгүй бол дэлхийн 8 тэрбум хүнийг хоол хүнсээр хангаж чадахгүй гэсэн үг. Хамгийн гол анхаарах асуудал нь зохистой хэм хэмжээг мөрдөх явдал юм. Хэм хэмжээг нь мөрдвөл тухайн ургамал боловсорч дууссаны дараа уг бодис задардаг. Тунг нь хэтрүүлбэл хүнсний ногоо боловсроод дууссан ч бүрэн задралгүй үлдэгдэл нь хүний биед өвчлөл үүсгэж байна гэж үзэх болсон.


Сүүлийн үед манай иргэдийн дунд өвчлөл, ялангуяа хавдраар өвчилж буй хүний тоо нэмэгдсээр байна. Гэхдээ пестицидээс хамааралтай юу, үгүй юу гэдгийг хараахан судлаагүй, таамаг төдийгөөр хөндөн ярьж байна. Иймд лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн зүйлд пестицид хэдий хэмжээтэй байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр нарийвчлан гаргадаг болох нь их чухал. Үүний зэрэгцээ манай тариаланчид нэг га-д хэдий пестицид хэрэглэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Гэтэл их бодис хэрэглэвэл илүү сайн гэж ойлгодог. Үүний оронд дагалдаж ирсэн зааврыг хатуу мөрддөг байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө.


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын бодис онцгой ач холбогдолтой. Тэдгээр бодис нь ургацын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг нь дээшлүүлэх, хүн төрөлхтнийг хүнсээр хангахад голлох үүрэгтэй. Манай улс ургамал хамгааллын бодисын хэрэглээ, хяналт тал дээр олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэний зэрэгцээ үндэсний хэмжээний хууль, эрх зүйн орчныг жилээс жилд сайжруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар, 46 аж ахуйн нэгж ургамал хамгааллын бодисыг импортолж, 45 аж ахуйн нэгж дотооддоо худалдах тусгай зөвшөөрлийг аваад байна” гэв.


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен дэлхий дахины хөгжлийн шинэ чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлтөд УИХ гол анхаарлаа хандуулж, 2024 оны хаврын ээлжит чуулганаар Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсныг дурдав. Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байгааг мөн үеэр дурдаад, манай улс пестицидийн хэрэглээний бараг 90 хувийг импортоор хангадаг гэлээ.


Мөн энэ асуудалтай холбоотой байгууллагуудын уялдаа холбоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, пестицидийн чанар, найрлагыг тодорхойлдог лабораторийн хүчин чадал, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх тал дээр мэдээлэл сургалтыг тариаланчдын дунд зохион байгуулах, ургамал ургах хугацаанд өвчин, хортон, хог ургамалтай тэмцэхдээ мэргэжлийн сургалтад хамрагдсан байгууллага, иргэнээр хийлгэдэг байх, пестицидийн хэрэглээнд хяналт тавих тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй болох зэрэг асуудлыг анхаарах  шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга хэлэв.

 

Энэ үеэр “Пестицидийн талаарх эрх зүйн орчин, хэрэглээ”, “Химийн хортой болон аюултай бодисын эрх зүйн орчин, хэрэглээ”, “Пестицид хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Ургамал хамгаалал пестицидийн судалгааны өнөөгийн байдал”, “Хүний эрүүл мэнд ба пестицид судалгааны тойм”, “Хүнсний аюулгүй байдал ба пестицидийн үлдэгдлийн хяналт”, Пестицидийн талаар авах арга хэмжээнд эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмж” сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа. Тус хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Эдийн засаг хөгжлийн яам,  Боловсролын яам, Байгаль орчин уур амьсгал, өөрчлөлтийн яам болон холбогдох агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн бус байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл, эрдэмтэн судлаач оролцож, санал солилцов.





 

 

相关新闻