“Парис-2024” наадамд оролцогчдод энгэрийн тэмдэг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөл, зуны олимпод өрсөлдсөн тамирчин бүрд Олон улсын олимпын хорооноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр энэхүү наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчдад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар энгэрийн тэмдгийг нь гардуулжээ.
Олимпын медальтан болон олимпод
оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулах
уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. ОУОХ-ны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын
медальтан, олимпод оролцогчдоо алдаршуулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах
санаачилга гаргаж байв.
Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.
“Парис-2024” наадамд манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин эрхээ авч оролцсон билээ.