Цөмийн энергийн хуульд оруулах өөрчлөлтийг өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг УИХ-д өргөн мэдүүлж байна” гэв.
УИХ-ын
чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг
яаралтай горимоор хэлэлцэх санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх
дэмжсэн юм.