Х.Мөнхзул: Хангайн бүсэд хүний эрхийн асуудлаар тулгамдсан нийтлэг асуудал цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-25 19:58:22

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь хүний эрхийн асуудлаар энэ сарын 24, 25-нд Баянхонгор аймагт ажиллалаа. Мөн үеэр ажлын багийн ахлагч, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Баянхонгор аймагт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү?
-Энэ өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, ард иргэдтэй уулзаж, хүний эрхийн талаарх ойлголт мэдлэг, санал гомдлыг хүлээн авч ажиллалаа.
Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ийг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан тус хөтөлбөрийг боловсруулж, төсөлд санал авах хэлэлцүүлгийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаагийн газар, Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Мөн “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, гомдол, мэдээлэл хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.

-Хөтөлбөрийн онцлогийн талаар тодруулна уу?
-Хөтөлбөрийн төсөл нь Монгол Улсын хууль, тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжилтийг сайжруулах, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг олон нийтийн оролцоонд тулгуурласан цогц байдлаар зохион байгуулах, хүний үндсэн эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг дээшлүүлэх, зорилтот бүлгийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг сайжруулж, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн эрхийн баталгааг бүрдүүлж, хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, шинэ сорилт, тулгамдаж байгаа асуудлыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Хүний эрхийг хангах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг 7 зорилго, 41 зорилт, 234 арга хэмжээтэйгээр боловсруулсан байгаа.

-Хэлэлцүүлэгт оролцогч талуудаас ямар санал санаачилга гарав?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж батлуулах, Иргэний нэр төр алдар хүндийг заавал сэргээх, нөхөн олговор олгох, эмийн үйлдвэрлэл, худалдаа, борлуулалт цахим орчинд явагдаж болзошгүй тул урьдчилан сэргийлэх хяналт тавих, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ажилтны орон тоог шинээр бий болгох, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллуулах, аймгийн Засаг даргаас Хууль зүй, дотоод хэргийн сайдтай жил бүр байгуулдаг гэрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зорилт тусгаж, хэрэгжилтийг хянах, төслийн 1.2.4 хуулиас давсан дүрэм, журам батлахгүй байх, хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах талаарх санал гаргасан. Хэлэлцүүлэгт оролцож буй оролцогчид хөтөлбөрийн төслийг аймаг бүрдээ хэлэлцүүлж ,үр дүн, санал зөвлөмжийн хамт нэгтэж, ХЭҮК-т хүргүүлэхээр боллоо.


-Баянхонгор аймагт хүний эрхийн асуудал ямар хэмжээнд байгааг шууд хэлэх боломжтой юу?
-2024 оны наймдугаар сард Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн богино болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийсэн. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 5 бүлгийн 162 үйл ажиллагааг тусган баталснаас хүний эрхийн асуудлаар 15 зорилтын хүрээнд 21 ажил төлөвлөсөн байсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон орон нутгийн богино, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдалд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээр
• Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,
• Хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх,
• Жендэрийн эрх тэгш байдал,
• Ялгаварлан гадуурхалт,
• Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эрх зэрэг иргэдийн эдийн засаг, нийгэм соёлын эрх хангагдахгүй байх, зөрчигдөх асуудал нийтлэг байгааг дурдах нь зүйтэй.

-Илүү тодруулж болох уу?
-2024 оны тавдугаар сард хүний эрхийн нөхцөл байдлын тоймыг аймаг бүрээр гаргасан. Хамгийн тулгамдсан асуудал бол эрүүл, аюулгүй байдалд амьдрах эрхийн зөрчигдсөн асуудал /утаа, орчны бохирдол/, хөдөлмөрлөх эрхийн асуудал, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт зонхилж байсан. Мөн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлүүд буурахгүй байгаа нь анхаарал татаж байгаа. Энэ бол цогц асуудал, үр дүнтэй шийдэл хэрэгтэй. Гэр бүлд өндөр настан, бага болон өсвөр насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гишүүн бүрийн онцлогт нийцсэн шийдэл хэрэгтэй. Архидалт, хүчирхийлэл зэргийг цогц байдлаар шийдэх бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Шалтгаан юунд байгаа бол?
-Ганцхан зүйл дээр жишээ авъя. Эрчүүд гэр бүлээ тэжээхээр уул уурхай, гадаад орон руу хар бор ажил хийхээр их явж байна. Энд эхнэр, хүүхэд эзгүйдэх асуудал байна. Цаашлаад гэр бүлийн салалт, хардалт, хүчирхийлэл зэрэг асуудал хөвөрнө. Хариуцлагын тогтолцоонд түлхүү анхаарснаар цогц бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх нь мөн чухал. Манай улс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай боллоо. Тэгэхээр цогц бодлого хэрэгжих бүрэн боломжтой болж байна.
Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд хариуцлага хүлээлгэж байгаа арга хэлбэр гэр бүлийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаад байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаж байгаа хүмүүст цагдан хорих байгууллагад албадан сургалт хэр үр дүнтэй байгаад бид судалгаа хийж байгаа. Ажиглалтаар тэнд очсон хүмүүс эргэж гарч ирээд гэр бүлдээ улам ширүүлэх, өширхөх асуудал гаргаж байгаа нь бидний хүссэн үр дүн биш. Үйлдэлд нь чиглэсэн болохоос ухамсар, зан үйлд нь нөлөөлөх хариуцлагын тогтолцоо байхгүй нь үүнтэй холбоотой. Эхнэр нь нөхрөө хориулъя, цагдуулъя гэж ерөөс бодохгүй. Харин хууль хүчний нөлөөн дор нөхөрт минь ойлгуулж, ухамсарлуулж өгөөч л гэж ханддаг. Гэтэл тэнд нөхрийг нь 7-21 хоног саатуулж гаргаад, тэр цагаас нь мөнөөх л хүчирхийлэл үргэлжилсээр байдаг. Зөрчилд холбогдсон этгээд зохих ёсны сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагддаг, байдал засрахгүй бол дараагийн шатны хариуцлага хүлээж байдаг тогтолцоо хэрэгтэй. Энэ зөвхөн танай аймагт тулгамдсан асуудал биш улс орны хэмжээнд шийдлээ хүлээж байгаа асуудал болоод байна.

-Хангайн бүсийн хувьд хүний эрхийн асуудлаар анхаарах өөр нийтлэг байдал юу байна вэ?
-Тулгамдсан эхний асуудал бол агаарын бохирдол. Мөн хүүхдийн эрхийн асуудал /насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, унаач хүүхдийн эрхийн асуудал, дотуур байран дахь хүүхдийн эрх/, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, гамшгийн үеийн хүний эрхийн асуудал, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд байна.

-Аймгийн Цагдаагийн газарт ажиллахад нөхцөл байдал ямар байв?
-Бид үйл ажиллагааныхаа хүрээнд аймгийн Цагдаагийн газарт ажилласан. Тэнд дуудлага ирж, хянан шалгагдаж байгаа нийт хэргийн тал хувь нь гэрийн бүлийн хүчирхийлэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал эзэлдэг гэж байна. Эндээс урьдчилан сэргийлэх ажил юунаас чухал харагдаж байна. Цагдаагийн байгууллага өөрөө урьдчилан сэргийлэх хэлтэстэй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй байхад яагаад иргэдийн ойлголт мэдлэг хангалттай байж чадахгүй байна гэдэг нь анхаарал татаж байна.


-Хууль хяналтын байгууллагад аливаа мэдээлэл авахаар хандахад шууд хэлээд өгдөг нь ховор. Даргаас зөвшөөрөл авсан уу, ямар зорилгоор, юунд ашиглах гэхчлэн “шалгааж” байгаад, эргээд хариу өгнө гэж хэлээд алга болох тохиолдол цөөнгүй. Үүнд хэвлэл болоод олон нийтийн мэдэх эрх хөндөгддөг. Үүнд ямар зохицуулалт байдаг бол?
-Энэ нь нэг талаас тухайн байгууллагууд мэдээллийг шууд задруулахдаа болгоомжлолтой ханддагтай холбоотой. Нийтлэг ойлголтоор аливаа мэдээллийг задлан тайлбарлах, өөр нэгэнд сэдэл өгөхөд нөлөөлөх, нийтийг айдаст автуулах тал байх вий гэдгээс сэрэмжилдэг. Гэтэл нөгөө талд юунаас болж хэн хэрхэн хохироод байгааг нийтэд мэдээлж мэдээллийн хэрэгцээг нь хангах, урьдчилан сэргийлэх зэрэг асууудал байгаад байдаг. Энэ асуудалд талууд харилцан ойлголцол, итгэлцэл хэрэгтэй. Хуулийн хүрээнд хэлж болох мэдээллээ нээлттэй байлгах, нөгөө талаас мэдээллийг хэрхэн дамжуулах тал дээр илүү боловсронгуй болох нь үл ойлголцлыг засна.

-Аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Ахмад настны асрамжийн төвд ажилласан. Тэнд байдал ямар байна вэ?
-Улсын хэмжээнд Ахмадын асрамжийн газар 12 байна. Асрамжийн хэрэгцээ шаардлагатай хүмүүс их байдаг. Гэтэл Баянхонгор аймаг дахь Асрамжийн газрын байр, хүлээн авах чадвар нь 10 хүний л багтаамжтай байна. Аймаг орон нутгийн удирдлагуудад бид хүртээмжийн асуудалд онцгой анхаараач гэдгийг уламжилна. Бүсийнх гэсэн статустай хэрнээ бусад газраас хүн ирэх боломжгүй, тоондоо баригдаад хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай олон зүйлсийг харлаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг мэргэшүүлэх, хүнлэг-хүний эрхийн мэдрэмжтэй байхад чиглэсэн харьцаа хандлагыг сайжруулах чиглэлээр бодлогын болон соён гэгээрлийн ажлыг хийх, туршлага солилцуулах зэрэг хэд хэдэн асуудлыг нэгтгээд холбогдох газарт шаардлага, зөвлөмж хүргүүлнэ.

-Дээрх асуудлуудтай холбоотойгоор аймаг орон нутгийн удирдлагуудад ямар зөвлөмж өгсөн бэ?
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлмөрлөх эрх, тусгай хэрэгцээт бүлгийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаар тус тус оруулахыг зөвлөлөө.

Мөн аймаг, орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, хөтөлбөртөө комиссын жил бүр УИХ-д хүргүүлдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгагдсан асуудал, дэвшүүлсэн санал, түүний мөрөөр УИХ-аас баталсан тогтоол зэрэг албан ёсны эх сурвалжийг ашиглан, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тусгадаг болох нь чухал. Комиссоос тус аймагт хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бодит үр дүн гаргах, шинээр боловсруулах аймгийн Засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг тусгаж хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж өглөө.
-Ярилцсанд баярлалаа.

相关新闻