Монголын жюү жицүчид ДАШТ-ээс гурван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Грекийн Хираклион хотод жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын баг тамирчид одоогийн байдлаар хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин, ДАШТ-д оролцож буй Монголын шигшээ багийн ахлагч Г.Монголжин хэсгийн барилдаанд Израил, Панам, Шведийн тамирчныг ээлж дараалан хожиж, хэсгийн аваргын төлөө Унгарын бөхөд ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө нутаг нэгт тамирчин Э.Шүрэнцэцэгийг ялсан байна. Ингэснээр тэр жюү жицүгийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тав дахь тамирчин болов. Түүнээс өмнө 2015 онд М.Баярмаа, Ц.Батцэцэг, 2023 онд М.Сугар, Б.Хулан нар хүрэл медаль хүртсэн юм.
Түүнчлэн холимог багийн барилдаанд Монголын баг анх удаа хүрэл медалийн тавцанд зогслоо. Энэ төрөлд Израилын баг түрүүлж, Герман мөнгө, Монгол, Франц хүрэл медаль хүртсэн байна.
Үүнээс гадна контакт төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд “Жамп” академийн тамирчин Б.Хонгорзул мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.