Энэ өвөл 78 сая мал өвөлжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанд Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явцаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв.
Салбарын сайд
Ж.Энхбаяр мэдээлэлдээ, “Энэ өвөл 78 сая толгой мал
өвөлжихөөр байна. Өвөлд бэлтгэж аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд энэ сарын 21-ний өдрийн байдлаар 9.1 мянган тонн
өвс, 4.2 мянган тонн тэжээл буюу өвсний нөөц бүрдүүлэлт 48.6 хувьтай,
тэжээлийнх 44.1 хувьтай байна. Хадлангийн нөөц дутмаг говийн бүсийн аймгууд
өвсний нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулж буй. Худалдан авалтыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгана.
Хүн амын махны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж байгаа
бөгөөд 2024 оны хүнсний хэрэгцээнд нийт 122.6 мянган тонн, 2025 оны хүнсний
хэрэгцээнд 124.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн шаардлагатай боловч бодит
хэрэглээ 2.7 дахин их байна. Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар
2.6 хувиар өсөж 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 64 сая толгой,
2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулсан, малын зарлага, хорогдлыг хасаад энэ
оны хагас жилд 66 сая мал тоолсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яамны урьдчилсан
тооцооллоор, манай улс энэ онд 6,067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн
мах экспортлох нөөцтэй байна. Энэ өвөл нийт 10 сая толгой малыг хүнсэнд, 6 сая
толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна.
Түүнчлэн энэ онд 20.6 тэрбум төгрөгөөр нийт 51.7 сая тун
вакцин худалдан авч, нөөц бүрдүүлжээ. Малын вакцинжуулалт болон
бусад арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Малын гоц халдварт шүлхий,
бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор,
хонины цэцэг, бусад зургаан нэрийн халдварт болон архаг халдварт өвчин,
бруцеллёзоос сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэн малын эрүүл мэндийг
хамгаалахад ашиглаж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдлаа.