Статистикчид иргэдэд нээлттэй үйлчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-29 10:12:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсад Статистикийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.


Өдөрлөгт статистикийн байгууллагын удирдлагууд, үе үеийн ахмад ажилтнууд, албан хаагчид, нийслэлийн Засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын Засаг дарга нар болон статистикийн анхан шатны мэдээлэгч салбар бүрийн аж ахуйн нэгж, байгууллагууд зэрэг 350 гаруй төлөөлөл оролцжээ.


Улаанбаатар хотын хувьд Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 46.7 хувь нь оршин суудаг төдийгүй нийт аж ахуйн нэгж, байгууллагын 70.6 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn), нийслэлийн Статистикийн газрын (www.ubstat.mn) цахим хуудас, Төрийн нэгдсэн өгөгдлийн сан болон Төрийн мета өгөгдлийн сангаас сонирхсон мэдээллээ хэрхэн авах талаар заавар зөвлөгөө өгөв. Мөн иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас түүврээр судалгаа авах нь ямар зорилго, ач холбогдолтойг танилцууллаа. Түүнчлэн статистикийн мэдээ, мэдээлэл, судалгаа, тооллогын үйл ажиллагаанд ашиглаж ирсэн тоног, төхөөрөмжийг олон нийтэд дэлгэж үзүүлэв.


Монгол Улсын статистикийн салбар нь үүсэл, хөгжлийн хувьд өнө эртний уламжлалтай, ууган салбаруудын нэг билээ. Тодруулбал, 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тухайн үеийн Дотоод яамны бүтцэд тоо бүртгэлийн хэлтсийг зургаан хүний орон тоотой байгуулснаар манай улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсан гэж үздэг байна.







相关新闻