Баримт бичгүүдийг эцэслэн тохиролцоход үр дүнтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-29 14:24:11

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хангамж, нийгмийн даатгалын газрын Орлогч дарга Б.З.Хасенова, Амьдралын даатгалын “Төрийн аннуитет компани” ХК-ийн Стратегийн хөгжлийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн А.Ш.Мусина нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.


Төлөөлөгчдийг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хүлээн авч уулзаж, хэлэлцээрийн төсөл боловсруулахад хоёр яамны шинжээчдийн ажлын хэсгийн хүчин чармайлт их байсныг дурдаад, цаашид хэлэлцээрийг хоёр талын парламентаар соёрхон батлуулах, хэрэгжүүлэх баримт бичгүүдийг эцэслэн тохиролцоход үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулахаар 2018 оноос хоёр улсын шинжээчдийн ажлын хэсэг 6 жилийн хугацаанд 17 удаагийн хэлэлцээг амжилттай хийж, хэлэлцээрийн төсөл боловсруулан, БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаевын манай улсад хийж буй төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурах болсныг ГБХНХЯ мэдээлжээ. 

相关新闻