Өсвөр, залуучуудын 100 буудалт даамын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Польшийн Шклярска-Поремба хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд 25 орны 300 гаруй тамирчин 10 насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдөж байгаагаас гурав нь алтан медалийн болзол хангажээ. Тодруулбал, өнөөдөр тэмцээний сүүлийн буюу есдүгээр өргийн тоглолт болох бөгөөд найман өргийн дараахь байдлаар охидын найм хүртэлх насанд Өмнөговь аймгийн тамирчин Б.Оюун-Үжин, 9-10 насанд “Хөлөгт тоглоом” клубын Г.Дэлгэрмаа, 11-13 насанд “Сонгодог байрлал” клубын Б.Тамир нар түрүүлэх болзлоо хангаж, дэлхийн аварга боллоо.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтойг Монголын даамын холбооноос мэдэгдэв.
Харин маргааш рапид буюу
түргэвчилсэн, нөгөөдөр блиц буюу түргэн тоглолтын тэмцээн болсноор ДАШТ
өндөрлөнө.