Хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-31 15:48:33

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан 102.4 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3 хувийг эзэлж байна.


Үүнээс 20 мянга гаруй иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгосныг Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож буй анхан шатны эмч нарыг чадавхжуулах сургалтын үеэр танилцуулав.


Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах ажлыг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Одоогоор хөдөлмөрийн чадвараа алдсан 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас, 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.


Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах иргэдийн тоо 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад багасжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан иргэний эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, ажлын байртай болгох, нийгмийн бүх түвшинд тэдний оролцоог нэмэх шаардлагатайг ГБХНХЯ мэдээлжээ. 

相关新闻