ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдыг гадаад хэлний чадавхжуулах сургалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн лхагва гарагт болж, төрийн албан хаагчийн хяналт шинжилгээний ажлын танилцуулга, цахим шилжилтийн хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй 10 системийн талаарх танилцуулга мэдээллийг байгууллагын удирдлагууд хийв.
Хурлын төгсгөлд аймгийн засаг дарга Б.Азжаргал хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүрэг чиглэлийг өгөв.
Үүнд:
Төрийн албан хаагчид хуулийн дагуу
хүнд сурталгүй, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах үүрэг болголоо.
Мөн иргэдээс ирсэн хүсэлт, өргөдлийг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэх, хуулийн хугацаа гэх 14 ба түүнээс дээш хоног хүлээлгэж хүндрэл учруулахгүй байхыг сануулав.
Төрийн байгууллага тус бүрээс нэг албан хаагчийг гадаад харилцааны ажилтнаар бэлтгэж гадаад хэлний чадавхжуулах сургалтад хамруулах нь гадаад харилцаанд илүү ахиц дэвшил гарна гэв.
Төрийн байгууллагууд гадна автомашины зогсоол болон нийтийн бие засах газрыг иж бүрэн тохижуулж, үйлчлүүлж буй иргэдэд ая тухтай орчин бүрдүүлж, хүндрэлгүй үйлчлүүлэхэд анхаарах.
Төрийн байгууллагууд албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг анхаарч, ажлын бус цаг, амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд өөрийн хүсэлтийг үндэслэн ажиллуулах үүрэг чиглэл өгөв. Гагцхүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд амралтын өдрүүдэд ажилласан тохиолдолд холбогдох хэлтэс агентлагийн хариуцсан мэргэжилтнүүд ажиллах, нийтээр уулзах уулзалтад оролцохоос бусад тохиолдолд дээрх үүрэг чиглэлийг дагаж мөрдөхийг анхааруулав.
Цаг үеийн асуудалтай холбоотойгоор бүх байгууллага өвөлжилтийн бэлтгэл байдлыг ханан ажиллаж, барилгын компаниудын харуул хамгаалалтын ердийн галлагаатай түр сууцуудын галлагааг зогсоох, халаалтын өөр шийдэл сонгон ашиглахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.