Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлсэн бөхөд олгож байх “Чингис хаан” цом
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн билээ.
Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй. Хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичжээ. Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан аж.
Тус цом нь “Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Харин “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулна.
Ташрамд сонирхуулахад, энэхүү цомыг хүртсэн хамгийн анхны бөхөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш тодорсон билээ.