"Мээтэн" хэмээх О.Аюур арслангийн нэрэмжит барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-15 10:46:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, 1928 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлсэн, олон түмэнд Мээтэн хэмээн алдаршсан, Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.


О.Аюур нь Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг Хашаат хэмээх газар төрсөн гэдэг. Түүний хувьд 10 давж, аварга цолны болзол хангасан ч өнөөг хүртэл арслан хэвээрээ үлдсэн цөөн бөхийн нэг юм. Ардын хувьсгалаас хойш төрсөн үндэсний бөхийн тав дахь арслан цолтон билээ. Тэрбээр 1925 онд Хан Хэнтийн алдарт бөх Наваанпунцагаар тав давж начин цол, 1926 онд зургаа давж, 1927 онд 27 настайдаа 960 бөхөөс ес давж арвын даваанд “буур” хэмээх Н.Жамъян аваргад унан үзүүрлэхэд нь арслан цол олголгүй улсын заан цол хүртээжээ. Улмаар “Мээтэн” Аюурыг 1928 онд мянган бөхийн манлай болж, арав даван түрүүлэхэд нь л урьд жил өгөх байсан улсын арслан цолыг олгосон байна.


Тэрбээр 1930-1934 онд долоо давж, 1935, 1937, 1940 онд зургаа давсан, улсад нэг түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн, нийт есөн удаа шөвгөрсөн бөх юм. “Мээтэн” хэмээх Аюур нь тухайн үедээ үнэхээр гайхалтай төгс бие хаатай бөх байжээ. Хөвсгөлийн “Босоо” Шагдар, “Мээтэн” Аюур хоёр шиг төгс сайхан биетэй, бяр хүч тэнхээтэй, ёстой л монгол бөхийн бүх шинж бүрдсэн бөх ховордсон тухай ахмад бөхчүүд дурссан нь цөөнгүй. Мөн Аюур арслан бөхчүүдийг сорчилж сайнаас нь амладаг байсан бөгөөд нэг амласан бөхөө дахин амладаггүй ховор сайхан зан төрхтэй байсан гэдэг.


Ташрамд сонирхуулахад, О.Аюур арслангийн нэрэмжит барилдаанд барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хоёр, хүндэт зочдоос гурав, үзэгчдээс дөрөв, нийт есөн азтан тодруулан 500 мянган төгрөгөөр мялаах юм байна. 



相关新闻