Сул харааны төвтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Австралийн Засгийн газрын бичил тусламж хөтөлбөрөөр АШУҮИС-ийн төв эмнэлэг Сул харааны төвтэй боллоо.
Сул хараатай, харааны бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх хамгийн үр дүнтэй ойр төв байхыг зорьж, төслийн хүрээнд 14 төрлийн 46 тоног төхөөрөмж суурилуулаад байна. Манай улсад сул хараатай иргэдэд зориулсан тусгай үйлчилгээний төв, тусламж үйлчилгээ хомс тул төв байгуулснаар тэдэнд үйлчлэх, хүрч ажиллахад дөхөм болно. Тодруулбал хараа зүйн цогц тусламж үзүүлэх, амьдралын чанарыг нь сайжруулах, нийгмийн оролцоог нэмэхэд нь дэмжихээс гадна нүдний иж бүрэн үзлэг хийх, сул харааны хэрэгсэл сонгоход нь туслах, үйлчлүүлэгч өдөр тутамдаа хэрхэн бие даан аюулгүй амьдрахад зөвлөгөө өгөх зэргээр туслах юм. Харьяалал харгалзахгүй, харааны бэрхшээлтэй бүх насны хүмүүст үйлчилнэ.
“Сул харааны төв нь зөвхөн сул хараатай бус төрөлхийн, удамшлын сул хараатай төрсөн хүүхдүүдийг ч орхихгүй хүлээн авна. Цаашид нүдний эмч, сувилагч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнээ системтэй бэлдэхэд анхаарна. Улсын томоохон эмнэлэг бүрд сул харааны мэргэжилтэн заавал байх ёстой.
Их сургуулийн эмнэлэгт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн ач холбогдол нь бид шинийг нэвтрүүлж туршлагатай болсны дараа мэдсэн ололт амжилтаа хуваалцаж, мэдлэг түгээдэг. Тухайн хүн өвчний болон золгүй явдлаас хараа нь муудсан байж болно. Тэднийг эмчилгээгүй гээд орхилгүй, үлдсэн хараагаараа хэрхэн чанаржуулж, аюулгүй амьдрах аргыг заах, амьдралын чанарыг сайжруулах тусгай хэрэгслээр хангах боломж бий. Тухайлбал томруулдаг шил, өнгө нягтралыг сайжруулдаг линз, гэрэлтүүлэг, ном унших зэрэгт зориулсан тусгай дэлгэц, сул хараатай хүний суух сандал ,ширээг хүртэл тухайн хүнд зориулж бэлтгэж болдог. Хараа сул хүн халуун савтай цайнд түлэгдэхээс эхлээд эрсдэлтэй тулгардаг. Энэ эрсдэлийг яаж багасгахыг ар гэрийнхэн, эцэг эх, ангийн багшид нь заадаг. Ингэснээр амьдралынх нь чанар дээшилж, тэдэнд итгэл найдвар өгөх боломжтой”-г АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхмийн эрхлэгч анагаах ухааны доктор П.Баясгалан онцоллоо.
Тэрбээр, хараа зүйн
эрүүл ахуй маш чухлыг тодотгоод, “Хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт
хамруулж байх ёстой. Мөн, эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудтай баг болж байж,
сул хараатай хүүхэд чанартай, аюулгүй орчинд амьдарч, суралцана. Харааны бэрхшээл
ихэвчлэн удамшдаг. Төрөлхийн хараа алдалтын судалгааг эхлүүлэхийг зорьж байна. Шинжлэх
ухааны ололт, амжилтын дүнд зарим нэг харааны удамшлын өвөрмөц генийн дарааллыг
үр хөврөлийнх нь явцад, эсийн түвшинд, ураг бүрэлдэхээс өмнө оношлоод урьдчилан
сэргийлэх боломжтой болж байгаа. Удамшлын улмаас нүдний зарим бүтэц хөгжөөгүй өвчлөлөөс
урьдчилан сэргийлэх боломж ч иудахгүй бий болно. Хөгжингүй орнуудад хэрэгжсэн
байгаа” хэмээв.
Манай улсад
2013 онд хийсэн зайлсхийж болох сохролын судалгаагаар 50-аас дээш
насны хүн амын 2.2 хувь нь сохор, 13 хувь нь сул хараатай дүн гарчээ. Сохрол,
сул хараа нь улс орны нийгэм, эдийн засаг төдийгүй, өвчтөн, тэдний гэр бүлийн
амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Өнгөрсөн онд гэхэд 12 мянга гаруй хүн
харааны бэрхшээлтэй гэж бүртгэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий нийтэд харааны бэрхшээлтэй 2 тэрбум гаруй хүн байгаагаас нэг тэрбум орчим нь харааны бэрхшээлийг нь урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх боломжтой гэж үздэг. Тэдний олонх нь 50-иас дээш насныхан эзэлж байна. 2020 оны байдлаар хөнгөн, дунд зэргийн сул хараатай 553 сая, хүнд зэргийн сул хараатай 43 сая хүн амьдарч байгаа статистик бий. Рефакцийн гажиг, болор цайх, глауком, чихрийн шижингийн ретинопати, насжилтын шалтгаант шар толбоны сөнөрөл зэрэг нь сорхох, сул харааны тэргүүлэх шалтгаан болдог байна. Эдгээр сул хараатай хүмүүсийн 90 орчим хувь нь хөгжил буурай оронд амьдардаг аж.