“Улаанбаатар Энержи” энэ оны сүүлчийн “Их дуулга”-даа оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2024 оны улирал өндөрлөх дөхөж, “Их дуулга”-ын финалд өрсөлдөх багуудын нэр бүрэн тодорлоо.
Бүтэн жилийн турш тив дамжин, улс орнуудаар аялж өрсөлдсөн багуудын чансааны оноо эцэслэж, Хонконгийг зорих шилдэг 14 баг бэлэн болов. Энэ сарын 22-24-нд болох тус тэмцээнд Сербийн “Үб Хуйшан”, “Партизан”, “Лиман”, Австрийн “Вена”, Бахрейны “Риффа”, Нидерландын “Амстердам”, Монголын “Улаанбаатар Энержи”, АНУ-ын “Принстон”, Пуэрто Рикогийн “Сан Хуан”, Хятадын “Чонмин”, “Ханжоу”, Латвийн “Кандава Туриба”, Хятадын “Ханжоу” зэрэг баг өрсөлдөнө.
Сербийн “Үб Хуйшан” энэ жил таван “Их дуулга”-д түрүүлж, 980 оноо цуглуулснаар чансааг тэргүүлэн “А” хэсгийг толгойлох юм. Тэгвэл “Улаанбаатар Энержи” баг цуврал тэмцээнээс 402 оноо цуглуулж, чансаагаараа аравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Манай баг Хонконгийн тэмцээний “С” хэсэгт Нидерландын “Амстердам”,
Бахрейны “Риффа”-тай таарлаа. Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко
Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир нар багтсан бөгөөд Д.Отгонжаргал “Их дуулга”-ын
финалын тэмцээнийг өнжиж байна.