БАЯНХОНГОР: Үнэмлэхүй их, бага температур Баянхонгорт бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/673d774272ce3.jpeg)
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хамгийн бага температур буюу хүйтэн болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд үнэмлэхүй их температур мөн л тус аймагт бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд дулаан байжээ.
Тодруулбал, Цаг уурын станцын байршлаар үзүүлэлтийг тооцоолоход Баянхонгор аймгийн Баянбулаг суманд үнэмлэхүй бага темперутур -22.8C байсан бол Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үнэмлэхүй их температур +25.1С байсан байна.
Тус аймагт 10 дугаар сарын агаарын температур хангайн уулархаг нутгаар 2-10 градус хүйтэн буюу ОЖД-аас хүйтэн, Баян-Өндөр, Шинэжинст сумын өмнөд хэсгээр 6-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 6 градус дулаан буюу дунджийн орчим байжээ. 10 дугаар сарын нийлбэр хур тунадас Галуут, Эрдэнэцогт сумын хойд хэсгээр 6-9 мм, бусад нутгаар 1-6 мм буюу олон жилийн дунджийн орчим байв.
Мэдээлэхэд, 11 дүгээр сарын агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12-18 градус хүйтэн, бусад нутгаар 2-12 градус хүйтэн буюу ОЖД-аас дулаан, нийлбэр хур тунадас Баянбулаг, Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт сумын хойд хил дагуу 2-4 мм, бусад нутгаар 0-2 мм буюу ОЖД-ийн орчим байх төлөвтэй.
Харин 12 дугаар сарын агаарын дундаж температур уулархаг нутгаар 20-28 градус хүйтэн, бусад нутгаар 8-20 градус хүйтэн буюу ОЖД-ийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Эрдэнэцогт сумын зүүн хойд хэсгээр 2-4мм, бусад нутгаар 0-2мм буюу нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.