БАЯНХОНГОР: Уяачид наадамд уралдуулах даага, шүдлэнгээ Дааган чулууг тойруулан уяж сойдог байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-15 13:28:32

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дааган чулуу нэртэй сондгой ганц цул боржин хад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвөөс зүүн хойш 10 км-т бий. Даагын өндөр улаан хэмээх уулын өвөр бэлээс ундарсан Даагын булгийн зүүнтээ байдаг Дааган чулуу нь аймгийн хамгаалалттай дурсгалт газар юм.


Нутгийн хөгшдийн хуучилснаар “Дааган чулуу” хэмээх нэр нь дээр цагт уяачид наадамд уралдуулах даага, шүдлэнгээ бага гэрийн дайтай энэхүү хадыг тойруулан уяж сойдог байсантай холбоотой гэх ба нэгэн жишээ нь Сэрвэн уулнаас гарч ирсэн аварга могойг дарсан чулуу хэмээх домог ч байдаг.


Дааган чулууны баруун урд тал дээр эмээлийн даруулгын хэртэй олон тооны дугуй хонхрууд болоод тэдгээрийн гол хэсэгт уран нарийн дүрслэлтэй загалмай цоолборлосон нь урьд өмнө монгол орноос олдож байгаагүй өвөрмөц сонирхолтой дурсгал болно.


Уг боржин хадны өгөршилт, талстуудын ховхролтоос үзвэл тойруулан урласан дугуй хонхрууд нь дээр цагт одоогийнхоос илүү олон тоотой байсан нь илэрхий бөгөөд эдүгээ ийм хонхрын тоо нийт зуу гаруй байгаагаас 80 орчим нь загалмай бүхий баруун урд хавтгай дээр байрлажээ. Нөгөөтээгүүр Дааган чулуун дээр дүрсэлсэн зүйлс нь эртний нүүдэлчдийн од эрхсийг шүтэх шүтлэг, цаг улирлын солигдол, одон гарагийн орчил хөдөлгөөнтэй холбоо бүхий одтой тэнгэрийн зураг байхыг үгүйсгэх аргагүй.

相关新闻