БАЯНХОНГОР: Цаг агаар ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-28 11:48:04

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын гаргасан 12 дугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.


Харин хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэйг УЦУОША-наас мэдээлэв.

Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг мөн зөвлөлөө.

Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хүйтрэх төлөвтэй бол 12 дугаар сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж /ОЖД/ нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дунджийг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг илэрхийлнэ.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг байна.

相关新闻