Чөлөөтийнхөн халз барилдаанд ялж, 50 сая төгрөгийн эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-16 09:57:29

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулсан жүдо, чөлөөт бөхийнхний хайнаа хагалах халз барилдаан чөлөөт бөхийн багийнхны ялалтаар өндөрлөлөө.


Одоогоос 25 жилийн өмнө болсон жүдо, чөлөөтийн халз барилдаанд хоёр баг 50:50-аар тэнцэж байв. Тэгвэл энэ удаа чөлөөтийнхөн 27:22-оор жүдочдыг буулган авчээ. Чөлөөтийн багийнхан энэхүү барилдаанд ялснаар 50 сая төгрөгийн шагнал гардсан бөгөөд тус багаас улсын начин Э.Батмагнай долоо барилдахдаа нэг ч унаагүй гэсэн төгс амжилт үзүүлэв.


Тэгвэл жүдочид 25 сая төгрөгийн бай шагнал авсан бөгөөд тэднээс аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зургаан даваа авч, багийнхнаа манлайлав. Харин хөнгөн жингийнхний барилдаанд гавьяат тамирчин Т.Тулга, олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, З.Занабазар нараас бүрдсэн чөлөөтийнхөн өрсөлдөгчдөө ердөө ганцхан даваа алдаж, 8:1-ээр илт давуу яллаа.


Энэ үеэр бөхийн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга нарын санаачилж, Монголын чөлөөт бөхийн холбоо дэмжсэнээр олон улсын хэмжээний мастер, улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд чөлөөтийнхөн Ө.Батзулын хөрөг, чөлөөт бөхийн спортод гаргасан амжилтыг нь бичсэн футболкоор жигдэрсэн юм.   






















相关新闻