Хүндийг өргөлтийн ДАШТ-ий үеэр 30 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Бахрейны нийслэл Манама хотод хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 өдрийн турш болж өндөрлөлөө.
91 орны 471 тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гавьяат тамирчин М.Анхцэцэг огцомоор 116 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар өнөөдөр өглөө эх орондоо ирэв. Энэ нь түүний таван ДАШТ-ээс хүртэж буй долоо дахь медаль болж байгаа юм.
Тус тэмцээний үеэр 30 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд энэ нь түүхэнд хамгийн олон дээд амжилтыг тогтоосон тэмцээн болж үлдсэн байна. Тэмцээнд нийлбэр дүнгээр 25, төрөл тус бүрээр 35 орны тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртжээ.
БНАСАУ нийт есөн алт, таван
мөнгө, хоёр хүрэл медальтай хүснэгтийг тэргүүлсэн бол БНХАУ дөрвөн алт, хоёр
мөнгө, гурван хүрэлтэйгээр удаалж, Казахстан хоёр алт, нэг мөнгөн медальтай
гуравдугаар байр эзлэв. Багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Хятад түрүүлж, Иран,
БНАСАУ удаалсан. Харин эмэгтэйчүүдээс БНАСАУ тэргүүлж, БНХАУ, Колумб араас нь жагслаа.