Өрхийн эмнэлгүүд маргаашаас илүү цагаар ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлд сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн 110 мянган үзлэг хийжээ. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу 12 дугаар сарын 18-наас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болов. ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм.
Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байгаа аж. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд зонхилох хувийг эзэлж байгаа учраас орны ачаалал өссөн байна. Тиймээс Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн Эрүүл мэндийн газраас орны тоог нэмэхийн тулд тодорхой зохицуулалт хийж эхэлжээ. Тодруулбал, НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн аж. Тухайлбал, Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүүхэд хэвтүүлэх 100 ор дэлгэсэн бөгөөд дахин 100 ор нэмэхээр төлөвлөжээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамны харьяа дөрөв, бусад яамны харьяа дөрвөн эмнэлэгт хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад орж буй ахмад, хүүхдийн эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны ахмадын эмнэлэгт хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэх юм байна.
Өнөөдрийн
байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 91
гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай аж. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн
түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт
гэхэд 10688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу
төст өвчний шалтгаантай дуудлага аж. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн
тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа Өрхийн
эмнэлэг рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр 103-ын эмч
нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой
ажиллах юм. ӨЭМТ-өөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ
хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг НЭМГ-аас
онцолж хэллээ.