ӨВӨРХАНГАЙ: Утаа гаргадаггүй дулааны эх үүсвэрийг дэмжих бодлого баримтална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Арвайхээр
сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодруулж асуув.
Сумын Засаг дарга Б.Ганбат асуултад хариулахдаа, "Арвайхээр сумын агаарын бохирдлын 40 хувийг том, жижиг 58 уурын зуух, 60 хувийг гэр хорооллын 7000 орчим өрх бүрдүүлдэг. Баянтээгийн шахмал түлшний үйлдвэрт тохируулга хийх ажил дуусаагүйгээс шалтгаалж, сайжруулсан түлшээ үйлдвэрлэж чадаагүй байна. Энэ асуудал аймаг, сумын хувьд "толгойны өвчин" болж байгаа. Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцыг орхихгүй, гэхдээ утаа гаргадаггүй дулааны эх үүсвэрийг дэмжиж ажиллана" гэлээ.
Арвайхээр сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дараах заалтууд тусгагджээ.
- Эрчим
хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, дулааны эх үүсвэрээ утаагүй аргаар шийдсэн
амины болон нийтийн орон сууц барихыг дэмжинэ.
- Инженерийн
шугам сүлжээг үе шаттай өргөтгөнө.
- Сэргээгдэх
эрчим хүч, цахилгаан халаалт хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн тоог
нэмнэ.
- Хуучин орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, түрээсийн орон сууц барих хувийн хэвшлийн саналыг дэмжин ажиллана.