ХБНГУ-аас БХЯ-нд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашин хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-10-20 15:19:29

Монгол Улс болон ХБНГУ хоорондын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг БХЯ-нд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр тус яамны урд талбайд боллоо.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Ш.Дюпель болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.

“Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаагын нэг илрэл бол энэхүү арга хэмжээ юм. Манай хоёр орны дипломат хамтын ажиллагаа 1974 оноос эхтэй. Ялангуяа, 2006 оноос хойш манай Зэвсэгт хүчинд ХБНГУ-аас 13 тэрбум төгрөгийн өртөг бүхий материаллаг тусламж үзүүлсэн байдаг. Энэ бол хоёр орны батлан хамгаалах харилцаа өндөр түвшинд хүрснийг илтгэх нэгэн үзүүлэлт юм” гэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон бол ХБНГУ-ын Элчин сайд  ноён Ш.Дюпель “Хоёр улсын батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг улам батжуулж, цаашид нэмэгдүүлэхэд бид олон талаар анхаарч ажиллаж байна. Түүний нэг илрэл нь энэхүү автомашинуудыг хүлээлгэн өгч байгаа явдал юм. Афганистан улсад манай хоёр орны цэргийн алба хаагчид галын шугаманд хамтдаа зогсч,  дэлхийн энх тайвны төлөө тэмцэж байгааг энд дурдах нь зүйтэй. Цаашид ч хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн олон үйл явц болно” гэлээ.

Цэргийн зориулалт бүхий автомашинуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллагууд руу хуваарилах юм гэж БХЯ- ны төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан мэдэгдэв.

Ж.Батсайхан

相关新闻