ДУНДГОВЬ: "Хэтрүүлээд хэрэггүй” аяны хүрээнд уриалга гаргаж, хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-24 13:56:52
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сард байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамт олноороо шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэдэг учраас орон даяар "Хэтрүүлээд хэрэггүй” аян зохион байгуулж байна.


Аяны хүрээнд Дундговь аймгийн Цагдаагийн газраас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагад "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр зөвлөмж өгч, аймгийн удирдлагууд, иргэд энэхүү үйл ажиллагааг дэмжин шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриаллаа. 


Тус аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр энэ оны 11 дүгээр сарын байдлаар тус аймагт гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 261 иргэн хохирч, 171 хүн гэмтжээ.


Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газарт иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1673 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 285 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн 41.4 хувийг согтуугаар, 8.8 хувийг эмэгтэй хүн оролцсон, 14.7 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 1.7 хувийг хүүхэд оролцсон гэмт хэрэг, 10.9 хувийг цахим орчинд, 1.7 хувийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна.


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус аймгийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүнийг санаатай алах, хүчиндэх, хүрээлэн байгаа орчны эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал,тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх зэрэг гэмт хэрэг өссөн бол залилах, хулгайлах, дээрэмдэх, мал хулгайлах гэмт хэрэг буурсан байна. Гэмт хэрэгт нийт 225 хүн холбогдон шалгуулжээ.


Цагдаагийн газар 21617 зөрчил шалгаж, зөрчил гаргасан 21132 иргэнийг 990.4 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 73 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 109 хүнд баривчлах, 58 хүнд саатуулах шийтгэл тус тус ногдуулжээ. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар буурчээ.

相关新闻