Энэ онд Төв аймгийн тамирчид 532 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-26 20:43:46

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ онд Төв аймгийн тамирчид 24 спортын төрлөөр тив, дэлхий, олон улсын болон улсын чанартай тэмцээнээс 532 медаль хүртжээ. 


Үүнээс алтан медаль 183, мөнгөн медаль 159, хүрэл медаль 190 тус тус хүртсэн бөгөөд спортын цол зэрэгтэй тамирчдын тоо нэмэгдэж, олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 11, спортын дэд мастер 9, спортын I, II, III дугаар зэрэгтэй 294 тамирчинтай болсон амжилтаар 2025 оноо угтаж байна.


Ийнхүү өнөөдөр спортын амжилтаараа аймаг орон нутгийнхаа нэр хүндийг улс, тив дэлхийд өндөрт өргөн бахдам амжилт гаргасан спортын шилдэг тамирчдад хүндэтгэл илэрхийлж, шагнал гардууллаа.


Үүнээс онцолбол, 2024 онд Тайланд улсын Сирача хотноо болсон U20 насны Ази тивийн АШТ-д амжилттай барилдан тэргүүн байр эзэлж, Монголын чөлөөт бөхийн он дарааллын хуудсанд нэгэн шинэ хуудас нээн бахархам амжилтыг үзүүлсэн чөлөөт бөхийн "Төв-Арж" багийн тамирчин Наадамбатын Батбилгүүн байв.


Ташрамд, эдгээр шилдгүүдээс Төв аймгийн жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Зуунмод сумын 5-р дунд сургуулийн 8в ангийн сурагч Шинэбаярын Намуундарь, жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Баатарцогтын Буянхишиг нар 2024 оны Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.  

 

 

相关新闻