“Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг гардсан ес дэх бөхөөр Э.Батмагнай тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-30 09:43:40

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан боллоо.


Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай түрүүлж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа гардсан бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв.


Э.Батмагнай начны хувьд “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын барилдаанд анх удаа зодоглосон нь энэ. Тэрбээр түрүүлэхдээ нэгийн даваанд аймгийн арслан Э.Баасанжавыг, хоёр дээр аймгийн арслан Х.Наранбаярыг, гурвын даваанд аймгийн арслан Ч.Алтангэрэлийг, шөвгийн 16-нд улсын арслан Б.Орхонбаяр, наймд заан Д.Хүдэрбулгыг, их шөвөгт заан М.Лхагвагэрэлийг, түрүү, үзүүрт улсын заан Б.Серикийг өвдөг шороодуулсан юм.


Тэгвэл их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Харин наймд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Г.Ганхуяг, начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Бэлгүтэй нар үлдэв.





相关新闻