ЗАВХАН: Монгол үүлдрийн тэмээн сүргийн үүлдрийг сайжруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-06 15:06:57

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сум сүүлийн 10 жил тэмээн сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна.


Тус сум энэ жил аймагтаа хамгийн олон буюу 2587 тэмээ тоолуулжээ. Сумын таван багаас Онц баг 876, Тавантолгой баг 877 тэмээ тоолуулж, хамгийн олон тэмээтэй багууд болжээ.


Тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлээ хадгалж хамгаалах, тэмээг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч тэмээний тоо толгойд татвар ногдуулдаггүй. Монгол малын генийг хадгалах, авч үлдэх, удмын санг бүрдүүлж баяжуулж байх, түүнчлэн үүлдэр угсааг сайжруулах нь мал аж ахуйн салбарын хөгжилд хамгийн чухал асуудал.


Тиймээс тэмээн сүргийг өсгөхөд онцгой анхаарч тэмээчидтэй хамтарч ажиллаж байна. Сумын хэмжээнд малчдын 90 гаруй хувь нь тэмээтэй, эдгээрээс зөвхөн тэмээн сүргийг маллаж өсгөж үржүүлдэг 10 гаруй тэмээчин байна. Манай аймгийн  хэмжээнд тэмээн сүргийн тоо толгой өсөж байгаа хэдий ч тэмээн сүрэг ерөнхийдөө давжаарч, ноосны гарц муудаж байгааг тэмээчид харамсангуй ярьдаг. Тиймээс нутгийн тэмээг мах сүү, ноосны чанараар улсдаа тэргүүлдэг, баталгаажсан омгийн үүлдэр угсаагаар сайжруулах үржил селекцийн ажил хийх боломжийг бид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийхээр төлөвлөж байна.


Тэмээний үүлдэр сайжирснаар сүү, ноосны гарц нэмэгдэх, улмаар малчдын орлого ч сайжрах боломж бүрдэнэ.


Манай суманд монгол үүлдрийн тэмээ бий. Монгол үүлдрийн нас гүйцсэн ингэ буурын амьдын жин 450-600 кг, ноосны гарц 5.2-8.1 кг, хоногийн саам 500 грамм орчим байдаг. Харин Галбын говийн улаан тэмээний амьдын жин 560-660 кг, ноосны гарц 5.6-10.8 кг, хоногийн саам 600-800 грамм байдаг байна. Ханын хэцийн хүрэн тэмээний амьдын жин 540-620 кг, ноосны гарц 5.6-8.8 кг, хоногийн саам 900-1000 кг байдаг. Тиймээс тэмээнийхээ үүлдрийг сайжруулах нь зүйтэй талаар бид малчид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Улсын аварга малчин, тэмээчин Ж.Мандахнарын тэмээн сүрэг


Дөрвөлжин сумын малчид өвлийн улиралд ихэвчлэн тэмээгээ унадаг

Гэрэл зургуудыг Н.Сүхбат

相关新闻