ЗАВХАН: Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-10 17:38:54

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Завханы зарим газраар, маргааш өдөр нутгийн хойд, зүүн хэсгээр нойтон цас орж, зарим газраар салхи шуургатай байх тул малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.


10 дугаар сарын 11, 11-12-ны шөнө нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн баруун, төв, зүүн хэсгээр, 13, 13-14-ний шөнө ихэнх нутгаар, 14, 15-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж шуурна.


Салхи түр зуур 12-14 м/с хүрч цасан шуурга шуурч, нийт нутгаар хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих.


Иргэд, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

相关新闻