Пауэрлифтингийн УАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын классик төрлийн долоо, тоноглолтой төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 23 багийн 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сарын 17-24-нд Норвегид болох хэвтээ шахалтын ДАШТ-д оролцох эрх авах юм.
Тэмцээний эхний өдөр өсвөрийн 66 кг-ын жинд “Скай говь” клубын тамирчин Б.Эрхэс цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн онд ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүнчлэн "Мастер 1" ангиллын эрэгтэйчүүдийн 105 кг-д Ц.Баттулга цээжнээ 185 кг-ыг шахсанаар тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэв.