ДАРХАН-УУЛ: Гуравдугаар сараас шинэ ургацын ногоо нийлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд шинэ ургацын ногоо нийлүүлэх боломж бүрдэж байна. Учир нь Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 м.кв талбай бүхий венло загварын ухаалаг, дөрвөн улирлын хүлэмжийн ах ахуйг "Батхүлэмж" ХХК байгуулжээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих" төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анх удаа хөрсгүй, гидропоник ухаалаг технологи бүхий хүлэмж байгуулж байна.
Хүлэмжийн бүтээн байгуулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ижил загварын ухаалаг хүлэмжийг Төв аймгийн Баянчандмань суманд барьж дуусжээ. Уг хоёр хүлэмжид тариалсан хүнсний ногоо ирэх гуравдугаар сараас эхлэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм.
Хүлэмжийг Дархан-Уул аймгийн “Их Мориг” ХХК-ийн эзэмшил газарт "Батхүлэмж" ХХК барьсан бөгөөд санхүүжилтийн 30 хувийг хувийн хэвшил, 70 хувийг төслөөс санхүүжүүлсэн байна. Энэ хамтын ажиллагаа нь хүлэмжийн аж ахуйг урт хугацаанд тогтвортой авч явах хариуцлагын бүтэц, менежментийн тодорхой шийдлийг бий болгож байгаагаараа онцлог юм.
Хүлэмжид өргөст хэмхийн үрсэлгээ бойжуулж дуусаж үндсэн тариалалт руу шилжжээ. Дархан суманд барьсан уг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцлаа.
Дархан-Уул, Төв аймагт баригдсан венло загварын ухаалаг хүлэмж нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ салбарын сайд онцолж байна.