ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчид эмгэнэл илэрхийлэх ёслолд нэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Улс орон даяар гашуудал зарлаж, хүндэтгэл илэрхийлж сүүлчийн замд нь үдсэн энэ өдөр Ардын их хурлын депутатууд, Дархан-Уул аймгийн бүх шатны төрийн алба хаагчид эмгэнэлийн дэвтэрт эмгэнэл илэрхийлж, нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүллээ.
Зөвхөн төрийн албан хаагчид бус иргэд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүн бүрд аймгийн ЗДТГ-ын хурлын танхим өнөөдрийн турш нээлттэй байна гэж ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун мэдэгдлээ.
Ташрамд, нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас нэгдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг улс даяар хориглосон билээ.