ДАРХАН-УУЛ: Мөсний загасчлалын тэмцээний аймгийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бурхантын өвлийн наадмын хүрээнд мөсний загасчлалын “Дархан цом-2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Хаалттай хэлбэрээр зохион байгуулсан уг тэмцээнд 30 гаруй тамирчин, зургаан дасгалжуулагч оролцож, тэсвэр, тэвчээр, ур чадвараараа өрсөлдлөө.
Агаарын температур -30 давсан жихүүн салхитай өдөр байсан бөгөөд өмнөх жилүүдийнхээс илүү тэвчээр шаардсан тэмцээн боллоо гэж тамирчид онцолж байна.
Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах мөсний загасчлалын энэ жилийн тэмцээний шилдгүүдээр багийн дүнгээр тэргүүн байрт 11 оноогоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн “Ган зэвэг” баг тодорч цомын эзэн боллоо.
Хоёрдугаар байрт 12 оноогоор “Хархираа” баг, гутгаар байрт 13 оноогоор “Ган зэвэг” нэгдүгээр баг тус тус шалгарлаа.
Тэмцээний хувийн амжилтаар тэргүүн байрт “Ган зэвэг” клубийн тамирчин Б.Хосбаяр, дэд байрт “Хархираа” багийн тамирчин О.Энхболд, гутгаар байрт Б.Наранбаатар нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийн эзэд боллоо.
Түүнчлэн хамгийн том буюу 1 кг 120 гр загасыг тамирчин Б.Наранбаатар барьж ”Биг фиш” дэлгүүрийн гарын бэлгээр шагнуулав.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Дарханы Загасчлалын спортын холбооны нарийн бичиг, Монгол Улсын Загасчлах спортын шүүгч Э.Ууганбаатар, шүүгчээр тус холбооны шүүгч Б.Бямбадорж, Б.Пүрэвсүрэн, Б.Амархүү, М.Амарсанаа нар ажиллалаа.