Олимп, дэлхийн медальт тамирчид Өргөн суманд зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Өргөн суманд жүдо бөхийн Монголын сор болсон олимп, дэлхийн медальтнууд зочлов.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн цомын 4 удаагийн аварга, жудо бөхийн ОУХМ Х.Цагаанбаатар, Өргөн сумын харьяат жиу-жицү бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ О.Болд-Эрдэнэ, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Ц.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй Монголын Жудо бөхийн шигшээ багийн тамирчид тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хамтарсан бэлтгэл хийж тамирчин хүний ялалт, ялагдал болон олимпизмын үзэл санаа, их спортын талаар ярилцсан байна.
Өргөн сумаас даншгийн арслан Чуваа гэх алдарт бөх төрөн гарсан байдаг бөгөөд одоо цагт аймгийн арслан Т.Буянжаргал, жиу-жицү бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ О.Болд-Эрдэнэ, аймгийн начин Д.Дорждагва зэрэг олон арван цолтой бөх төрөн гарсан байна.
Олимп дэлхийн медальт тамирчдыг нутагтаа урих ажлыг тус сумын Засаг дарга Б.Батжаргал санаачилж зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган