ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдын 81.1 хувь нь үндэсний бичгээ мэднэ гэж хариулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-27 15:19:58

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хос бичгээр төрийн албан бичгийг хөтлөн явуулах хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний бэлтгэл болгож арван жилийн өмнөөс бэлтгэх хангах үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх монгол хэлний тухай хуулийг баталсан.Тэгвэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагчдын 81.1 хувь үндэсний бичиг үсгээ мэднэ гэж судалгаанд хариулжээ.


Тодруулбал, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд Дархан-Уул аймгийн 4666 албан хаагчаас 3784 албан хаагч буюу 81.14 хувь нь хамрагджээ.


Судалгаанд хамрагдсан албан хаагчдын 177  буюу 4.7 хувь нь маш сайн, 468 буюу 12.4 хувь нь сайн мэднэ, 1307 хүн буюу 34.5 хувь нь дунд зэрэг мэднэ, 1119 хүн буюу 29.5 хувь нь бага зэрэг мэднэ, 715 хүн буюу 18.9 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.


Судалгаанаас үзэхэд нийт төрийн албан хаагчийн 80 гаруй хувь нь үндэсний бичгээ мэддэг гэж хариулсан бөгөөд тоон болон чанарын судалгааны дүнгээр монгол бичгийн чадвараар улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. 


2021 онд аймгийн нийт төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн судалгаа авахад улсын дунджаас 2.2 хувиар бага, 21 аймаг, нийслэлээс 17 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 оны судалгаагаар улсын хэмжээнд нэгдүгээрт бичигджээ.

 

Өнгөрсөн хугацаанд төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулан хөтлөх болон бусад бэлтгэл ажлыг үе шатай хангаж ажилласан гэж аймгийн боловсролын газрын ахлах арга зүйч Г.Нямзаяа мэдэгдлээ.


Мөн төрийн албан хаагчид төрийн албаны шалгалт өгөхдөө монгол хэл, бичгийн агуулгаар шалгалт өгөх, төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн чадварын асуумж хэсэгтэй болсон зэрэг олон өөрчлөлт орсон гэв.


Дархан-Уул аймагт монгол бичгийн дунд ахисан түвшний болон цахим бичвэрийн сургалтууд зохион байгуулж, сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 6000 гаруй иргэн, албан хаагчид хамрагдсан байна.


Хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн төрийн болон байгууллагын архив бичиг хэргийн ажилтнуудад албан хэргийг кирилл, монгол бичгээр хөтлөх MNS 6395:2022 стандарт, юникод, хөрвүүлэгчийг таниулах сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулж байна.


Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 68 нэгж байгууллага хос бичгээр албан хэргээ хөтөлж байгаа бол Архивын газраар албан бичгийн хэвлэмэл хуудсаа хянуулж буй 11 байгууллага байна.


Ташрамд, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЕБС төгсөж буй болон их, дээд сургуульд элсэн суралцагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авдаг болсон. 2023-2024 оны хичээлийн жилд тус аймгаас монгол хэл, бичгийн шалгалтад нийт 1127 сурагч шалгагдсанаас 1034 сурагч буюу 91.7 хувь нь амжилттай шалгуулж, өмнөх оны дүнгээс 2.5 хувиар ахисан үзүүлэлт байна.  Харин 2024-2025 оны хичээлийн жилд 1260 сурагч монгол хэл, бичгийн шалгалт өгнө.

 

相关新闻