БАЯН-ӨЛГИЙ: Толбо сумын Эрүүл мэндийн төвийг М.Хадысын нэрэмжит болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-29 08:53:45

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Толбо сумын Эрүүл мэндийн төвийг М.Хадысын нэрэмжит болгожээ.


Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор тус сумын Эрүүл мэндийн төвийг анагаах ухааны клиникийн профессор, мэс заслын их эмч Мүбаракийн Хадыс агсны нэрэмжит болгож, түүний хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Маншүк, сургууль хамт төгсөгчид, сумын ахмадууд, ИТХ-ын дарга А.Базархан, сумын Засаг дарга Б.Жанарбек, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч К.Молдабек, аймаг, сумын ИТХ-ын төлөөгчид, иргэд оролцлоо.  

 

М.Хадыс агсны гэр бүлийнхэн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимыг орчин үеийн тоног төхөөрөмж, тавилга зэрэг 21.4 сая төгрөгөөр тохижуулж, жил бүр үр бүтээлтэй ажилласан тус байгууллагын ажилтнуудыг М.Хадысын нэрэмжит шагналаар шагнаж байх санаачилгыг гаргажээ.


Монгол Улсын Клиникийн профессор, хүний их эмч М.Хадыс нь 1968 онд ЗХУ-ын Ленинград хотод рентгений тоног төхөөрөмжийн инженер, 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, 1989 онд мэс заслын мэргэжил дээшлүүлэх курс, 1974, 1975 онд ДЭМБ-ын шугамаар ЗХУ, Герман, Чехословак улсад мэргэжил дээшлүүлж, 1998 онд анагаах ухааны магистр, 2006 онд Клиникийн профессор цолыг хамгаалжээ.

 

Тэрээр 1972-1976 онд Эрүүл мэндийн яаманд рентгений тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, 1976-1981 онд Ховд, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген аппаратын мэргэжилтэн, 1986-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч, 2004-2012 онд Нэгдсэн эмнэлгийн дарга, ерөнхий эмч, 2013 онд Зөвлөх эмчээр нийт 40 жил тасралтгүй ажиллахын сацуу Өлгий сумын АДХГЗ-ны депутатаар хоёр удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, Толбо суманд болон аймаг, орон нутагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байжээ.


相关新闻