Монголын тамирчдын тэмцээний салхийг кёрлингчид хагална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод Азийн өвлийн IX наадам хөшгөө нээхэд долоо хоногийн хугацаа үлдлээ.
Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана,
уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275
тамирчин хүч сорихоор эцсийн мэдүүлгээ
өгчээ.
Манай улс энэ удаа дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчнаа илгээнэ. Азийн өвлийн наадмын олон оролцогчтой спортын төрөл болох шайбтай хоккей, кёрлингийн тэмцээн ирэх сарын 3-нд эхэлнэ. Манай улсаас кёрлингийн холимог хосын төрөлд Б.Баяр, Г.Энхзаяа нар өрсөлдөж Монголын багийн салхийг хагална. Энэ удаагийн өвлийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд 12 улсын тамирчид өрсөлдөж байгаа юм. Манай баг Япон, Кувейт улс болон Хонконг, Тайваньтай нэг хэсэгт багтжээ. Тэд ирэх сарын 3-нд эхний тоглолтоо хийх аж.
Азийн өвлийн IX
наадамд эх орноо төлөөлөх тамирчдыг
танилцуулъя.
Гүйлтийн тэшүүр
Б.Төгөлдөр
Шорт трейк
М.Борхүү
Г.Мөнх-Эрдэнэ
Э.Мөнх-Эрдэнэ
Б.Гэрэлтуяа
Уран гулгалт
О.Мишээл
Г.Марал-Эрдэнэ
Кёрлинг
Б.Баяр
Г.Энхзаяа
Уулын цана
Ц.Тэмүүлэн
А.Ариунбат
О.Өсөх-ирээдүй
Х.Халиун
Э.Тэмүүлэн
А.Итгэл
А.Сондорбаяр
М.Инжин
Гүйлтийн цана
М.Нандинцэцэг
Б.Ачбадрах
О.Золбаяр
Д.Мөнхгэрэл
А.Хүслэн
Ц.Золбаяр
А.Энхтуул
Б.Номин-Эрдэнэ
Э.Ариунтунгалаг
Т.Ариунболд
Биатлон
М.Должинсүрэн
Ж.Гантулга
Д.Энхчимэг
Х.Эрдэнэтунгалаг
Б.Анхболд
Э.Энхсайхан
Х.Сумъяа
О.Гантулга
БНХАУ-ын Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа хоёр дахь удаагаа хүлээн авах гэж буй бол БНХАУ-ын хувьд түүхэндээ гурван удаа өвлийн Азийн наадмыг зохион байгуулах гэж байна.
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон түүхтэй. Тэр цагаас хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд, Хятадад хоёр удаа зохион байгуулж байв.
Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртсэн. Улмаар “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль авсан юм. Ингэснээр нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.