ӨВӨРХАНГАЙ: "Монгол эв нэгдэл" төслийг нээж, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-01 15:48:26

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.


Төслийн нээлт нэгдүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт болж, холбооны ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар Өвөрхангай аймгийн брэнд үйлдвэрлэгчидтэй уулзалт хийлээ.



Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хот, суурин газрын зах зээлд хүргэх, дэлхийд үнэлэмжтэй болгох нь уг төслийн зорилго бөгөөд "Гэрэгэ системс" ХХК-ийн shop.gerege.mn, geregeshop зэрэг цахим сайтаар сурталчилна, үйлдвэрлэл эрхлэгчдийг холбоонд элсүүлнэ хэмээн нээлтээр танилцуулсан юм.



Мөн гавьяатууд Хөгжимт драмын театрт "Гавьяатын найр" уран бүтээлийн тоглолтоо хийж, энэ үеэр аймгаас хүндэтгэл илэрхийлэн МУГЖ С.Жавхланд "Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн нэрэмжит шагнал"-ыг гардуулав. Мөн Т.Баясгаланг "Өвөрхангайн алдартан"-аар тодруулж, үнэмлэх, тэмдэг олголоо.


Ташрамд, Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 2400 гаруй аж ахуйн нэгж, хоршоолол үйл ажиллагаа явуулж 9000 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна.

相关新闻