"Анхны долоо" сан байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-03 09:21:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой энэ сарын 2-нд тохиож, энэ өдөр Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” санг байгууллаа.


Тус үйл ажиллагаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын дарга асан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, МАН-ын УЗАА-ны удирдлагууд, УИХ, Засгийн газар, Намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл, Их жанжны гэр бүлийнхэн оролцжээ.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, “Анхны долоо” сан нь хүүхэд залуус руу чиглэсэн, тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг олгох зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулахыг онцолж сан нь гадаад улсад суралцах 20 хүүхэд, дотоодын их, дээд сургуульд суралцах 80 хүүхдэд тус сангаас сургалтын тэтгэлэг олгож эхэлнэ хэмээн мэдээллээ.


“Анхны долоо” сангийн үйл ажиллагаа явуулах үндсэн долоон чиглэлийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай танилцуулсан юм.


Мөн өдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын УЗАА, УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүд, их жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.



Дамдины Сүхбаатар 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байсан юм.



相关新闻