“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийг ШУА-иас зохион байгуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-02-05 17:34:28

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын ШУА-иас Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд, дипломат төлөөлөгчдийн газруудтай хамтран шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн цуврал лекцийг эхлүүлж байна.


Хүндэтгэлийн лекцийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нээж хэлсэн үгэндээ, Монгол, Оросын эрдэмтэд мэдлэг, туршлага солилцох нь шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж, хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.


Анхны зочноор ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиков оролцож “Орос, Монголын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны түүх” сэдвээр лекц уншлаа.


Тэрбээр, “Монгол, Орос улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хөгжүүлсэн урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үе шатыг дурдан, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр цаашид шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах шинэ чиглэлүүдийг тодорхойлж, хамтарсан төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв.


Тэрбээр илтгэлдээ, “Хоёр орны хамтарсан экспедиц маш өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий мэдлэгийн бааз бүрдүүлснийг өнөө хүртэл ашигласан хэвээр байна. Хоёр орны эрдэмтдийн хамтарсан хэд хэдэн судалгаа нь дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хувьд чухал ач холбогдолтой байсан бөгөөд одоо ч хэвээр байна. Орос, Монголын шинжлэх ухааны төрөлжсөн төвүүд соёл, түүх, геологийн шинэ экспедиц байгуулах хэтийн төлөвийг хэлэлцэж, хоёр улсын хил орчмын бүс нутгийн ашигт малтмалын ордуудыг хамтран судалж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг боловсруулж байна” гэдгийг дурдав.



Манай улс 2024 оны байдлаар НҮБ-ын гишүүн 193 оронтой дипломат харилцаатай байна. Харин ШУА-иас гадны 50 гаруй оронтой хамтарч ажилладаг. Энэ онд хамтын ажиллагааны гэрээ дууссан зарим байгууллагатай гэрээгээ сунгах томоохон судалгааны ажилд хамтран ажиллах зэргээр шинжлэх ухааны болон улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэ тухай ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлэхдээ,“Өнгөрсөн жил манай хоёр улсын шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээ дууссан. Тиймээс ШУА-ийн Ерөнхийлөгч болон эрдэмтэд ОХУ-д энэ сарын 8-нд айлчлан гэрээг сунгаж, Эгийн голын УЦС барих нэгдсэн дүгнэлт гаргах эрдэмтэдтэй уулзана. Харин 2026 оны эхний хагаст нэгдсэн дүгнэлтээ хоёр орны Засгийн газарт танилцуулах юм” гэв.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт гадаадын 26 орны, ЭСЯ орон нутагт гадаадын 2 консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх бүх байгууллагатай энэ мэтчилэн хамтран ажиллана гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

 



ШУА-иас энэ жил “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд БНХАУ, Энэтхэг, Франц, БНСУ-ын Элчин сайд нарыг урьж оролцуулахаар төлөвлөсөн гэдгийг  ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо тодотгов.





相关新闻