УИХ-ын дарга банкны зээлийн хүүг бууруулах алхам хийхээ илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 5/МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй ажлын баг Ховд аймгийн сумдад тусгай хуваарийн дагуу ажиллаж байна.
Тэрбээр энэ сарын 5-нд Жаргалант сумын иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх онцлох ажлаа танилцууллаа.
Энэ оны төсөвт баруун бүсийн таван аймагт 115 төсөл хэрэгжүүлэхэд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ.
Үүнээс Ховд аймгийн eсөн суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын хоёрдугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийх юм.
Иргэдийн зүгээс орон нутагт үйлдвэрлэлийг дэмжих, банкны зээлийн хүүг бууруулах талаар олон санал хэллээ.
УИХ-ын хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хууль, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Ингэснээр арилжааны банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт бус боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломж бүрдэх юм.
Үүнээс гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллах үеэрээ Хоршоологчдын зөвлөгөөнд оролцжээ.
Ховд аймгийн 17 сумын 400 орчим малчин, хоршоологч дээрх зөвлөгөөнөөр туршлага солилцов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй ажлын баг өнөөдөр Ховд аймгийн Ховд суманд ажиллалаа.
Иргэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаар санал хэлсэн ба цаашид хувьцааг захиран зарцуулах, өвлүүлэх, бэлэглэх эрхийг нээхээр ажиллах юм.